Эрдэм судалгааны ажлын хүрсэн түвшин
ЭЗБС нь хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжил, бизнесийн орчин, үйлдвэрлэлийн бүтээмж, чадавхи, үр ашиг, мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбарын цогц хөгжил, хүнсний аюулгүй байдал, чанар, хүртээмж зэрэг чиглэлээрх төр засгийн бодлогын үндэслэл боловсруулах, хэрэгжүүлэхэд салбарын эрдэмтэд, судлаачдын хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг шинэ шатанд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж ирлээ. Үүнд:
- Хөдөө аж ахуйн эдийн засгийн болон салбарын технологийн судалгаа шинжилгээний ажлын уялдааг хангах, судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
- Мал аж ахуй, мал эмнэлэг, ургамал, газар тариалан, ургамал хамгаалал, инженер технологи, экологийн чиглэлийн төсөл, хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй судалгаа шинжилгээний ажлын эдийн засгийн үндэслэлийг сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэхэд эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх;
- Хөдөө аж ахуйн эдийн засгийн болон салбарын технологийн судалгаа шинжилгээний ажлын уялдаа холбоог зохицуулах арга зүйг боловсруулж хэрэгжүүлэх;
- ХААИС-ийн харьяа хүрээлэнгүүдтэй хамтарч судалгааны төсөл санаачлан дэвшүүлэх, тэдгээрт хэрэгжих шинжлэх ухаан технологийн төсөлд эдийн засагч-судлаачдын төлөөллийг оролцуулах;
- Шинжлэх ухааны салбар дундын асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, үр дүнгээр нь бодлогын зөвлөмж боловсруулж, төрийн бодлогод тусгуулах;
- Хөдөө аж ахуйн эдийн засгийн болон технологийн салбарын статистик мэдээ болон урд өмнө хийгдсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнгээр тогтмол ажиллагаатай мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, эргэлтэнд оруулах зэрэг болно.