ХҮНДЭТ ПРОФЕССОР
     Профессор Хэнк Молл (Henk Moll) нь 1982-2008 онуудад Вагенингений их сургуулийн хөгжлийн эдийн засгийн тэнхимд багш, профессор, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байв. Энэ хугацаанд Дэлхийн банк, НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллага, НҮБХХ, Голландын ХАА-н Яам зэрэг томоохон байгууллагуудад зөвлөх болон гэрээт ажилтнаар ажиллаж, дэлхийн 14 оронд судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэсэн юм. Тэрээр 1997 онд Монгол улсад анх удаа хөл тавьсан бөгөөд 1999 онд НҮБХХ-ийн олон улсын зөвлөхөөр ирж ажиллах үедээ ХААИС-д багш байсан доктор А.Энх-Амгалан, ХААИС-ийн ЭЗБС-ийн декан, доктор А.Бакей нартай уулзаж танилцсанаар манай 2 сургуулийн хамтын ажиллагааны эхлэл тавигдсан юм.
Төслийн хүрээнд “Монгол орны бэлчээрийн тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Вагенингений их сургууль, өөрийн Сециль болон ХААИС-ийн хамтарсан санхүүжилтээр зохион байгуулсан нь дараагийн төслийг эхлүүлэх санааг төрүүлсэн юм. Ийнхүү профессор Моллын удирдаж хэрэгжүүлсэн дараагийн төсөл нь “Хөдөө аж ахуйн эдийн засгийн дээд боловсрол” бөгөөд энэхүү төслийг Европын Холбооны санхүүжилтээр 2005-2007 онд амжилттай хэрэгжүүлсэн билээ. Профессор Хэнк Молл сүүлийн 10 жилийн хугацаанд 2 Монгол, 4 Голланд оюутны Монгол орны жишээ дээр суурилан хийсэн судалгааны ажлыг удирдаж, тэд Вагенингений их сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна.
     Профессор Люк Д Хаас (Luc Joseph G. D'Haese) нь Бельгийн вант улс, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын ерөнхий сайдын өргөмжит профессор бөгөөд Бельгийн вант улсын Гентийн их сургууль, Антверпений их сургуулийн профессор багш юм.Тэрээр өөрийн болон дэлхийн бусад их дээд сургуулиудад “Хөгжлийн эдийн засаг”, “Хүний хөгжлийн эдийн засаг”, “Хөдөөгийн хөгжил” болон бусад хамрагдах дэд сэдвүүдээр лекц уншиж, илтгэл хэлэлцүүлдэг. Дэлхийн 4 тивийн 43 улс оронд урт болон богино хугацааны томилолтоор ажиллаж байжээ. Сүүлийн жилүүдэд Хөдөөгийн хөгжил: Хүнсний аюулгүй байдал, тэжээллэгийн чиглэлээр төрөлжсөн олон улсын судалгааны багийг удирдан ажиллаж байна.
Профессор Люк Д Хаас эдүгээ дэлхийн тэргүүлэх 60 сургуулийн профессоруудаас бүрдсэн Персоны эдийн засгийн чиглэлийн сурах бичгийн Олон улсын редакцийн зөвлөл, Майкл Тодарогийн “Хөгжлийн эдийн засаг” сурах бичгийн АНУ-ын их сургуулиудын Редакцийн зөвлөл, Европ болон Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын их сургуулиуд, ХАА-н эдийн засгийн академийн Сэтгүүлийн ерөнхий редакторын албыг хашдаг бөгөөд зөвхөн сүүлийн 5 жилд дэлхийн А1 ангиллын сэтгүүлд 20 гаруй өгүүлэл нь хэвлэгджээ.
     Профессор Вим Хайманы (Wilhelmus Johannes Maria Heijman) нь Нидерландын улсын Вахенингений их сургуулийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн бодлогын тэнхимийн профессор бөгөөд өөрийн болон дэлхийн бусад их, дээд сургуулиудад бүс нутгийн хөгжил ба төлөвлөлт (Regional Development and Planning), xөдөөгийн хөгжил (Rural Development), Газар ашиглалтын загварчлалын эдийн засгийн үндэс (Economic Foundations of Land Use Models) болон бусад хамрагдах дэд сэдвүүдээр лекц уншиж, судалгаа хийдэг. 
Тэрээр Төв болон Зүүн Европын хөдөө аж ахуйн их сургуулиудын агрибизнесийн магистр бэлтгэх хамтарсан АГРИМБА сүлжээний удирдах зөвлөлд ажилладаг бөгөөд тус сүлжээний “Апстракт” сэтгүүлийг ерөнхий редакторын албыг давхар хашиж байгаа. Үүнээс гадна Чех Улсын Хөдөө аж ахуйн академийн “Хөдөө аж ахуйн эдийн засаг”, Унгар Улсын Хөдөө аж ахуйн хүрээлэнгийн “Хөдөө аж ахуйн эдийн засгийн судалгаа” сэтгүүлүүдийн редакцийн зөвлөлийн гишүүн, Европын Холбооны Амьдралын ухааны чиглэлийн магистрын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн агентлагийн удирдах зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажилтай. 

 

     Профессор Уллрих Коестер (Ulrich Egon Koester) нь 1978 онд Киелийн их сургуулиас ажлын санал хүлээн авч, 2003 он хүртэл зах зээлийн шинжилгээ ба бодлогын тэнхимийн эрхлэгчээр ажиллажээ. Тэрээр Польшийн Олзтиний Их сургууль, Будапешт, Чехийн Прага, Унгар, Румыний Клуж, Польшийн Краков, Сербийн Белград болон Монгол улсын нийслэл Улаанбаатар дахь Монгол улсын Хөдөө аж Ахуйн их сургуульд тус тус зочин профессороор ажилласан. Түүний бичсэн сурах бичиг "Grundzuge der landwirtschaftlichen Marktlehre" нь 2005 ба 2010 онд шинэчлэгдэн хэвлэгдсэн юм. Түүний шавь нараас (50 гаруй) хүн Герман болон бусад орнуудын их, дээд сургуулиудад профессороор ажиллаж байна.  2003 оноос тэрээр тэтгэвэрт гарсан хэдий ч Киелийн их сургууль, Халлегийн их сургуульд багшлахын зэрэгцээ Дэлхийн банкны зөвлөх зэрэг ажлуудыг гүйцэтгэж идэвхтэй ажилласаар байна. 1999 оноос  TASIS TEMPUS төслийн хүрээнд ЭЗБС- ийн бакалавр, магистр, докторын сургалтыг хөгжингүй орны түвшинд хүргэх зорилготой 2 удаагийн төсөл хэрэгжүүлэхэд үлэмж санаачилга гарган, өндөр хувь нэмэр оруулан ажилласан юм. Европын Холбооны ТЕМПУС хөтөлбөрт Вагиненгений их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль хамтран төслийн санал бичиж хандсан нь батлагдаж, “ХАА-н эдийн засгийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг сайжруулах нь” сэдэвт нийт 254 000 еврогийн өртөг бүхий 2 жилийн хугацаатай төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Төслийн хугацаанд ЭЗБС-ийн 12 багш мэргэжил дээшлүүлэх сургалтад, 2 багш магистрын сургалтад  хамрагдаж амжилттай хамгаалжээ. Мөн номын сан, анги тэнхим лабораторийн хүчин чадлыг сайжруулахад ихээхэн түлхэц өгч, ЭЗБС-ийн багш нарыг хэлний курст хамруулсан билээ.

     Профессор Шиу Чанбай (Xiu Changbai) нь БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Үндэсний Их сургууль болон Өвөр Монголын Тариалангийн Их сургуулийн хөдөө аж ахуйн эдийн засгийн профессор бөгөөд одоо ӨМӨЗО-ны Үндэсний Их сургуулийн эрдэм шинжилгээ, гадаад хамтын ажиллагааны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. 2015 оны 09 сард ӨМӨЗО-ны Үндэсний Их сургуулийн эрдэм шинжилгээ, гадаад хамтын ажиллагааны дэд ерөнхийлөгчөөр ажиллахаас өмнө Тариалангийн их сургуулийн ректорын гадаад харилцааны орлогч захирал (2008-2015), тус их сургуулийн Эдийн Засаг Менежментийн Коллежийн захирлаар (2001-2014) ажиллаж байв. Профессор Xiu Changbai бакалаврын зэргээ Өвөр Монголын Тариалангийн Их сургуульд, докторын зэргээ Бээжин хотын Ренминий их сургуульд хамгаалсан. Тэрээр ядуурлыг бууруулах, хөдөөгийн хөгжлийн эрчимжүүлэлт, агробизнес, хоршоо, фермерийн менежментийн чиглэлээр судалгаа хийдэг ба эрдэм шинжилгээ судалгааны 60 гаруй өгүүлэл, 15 ном, сурах бичиг хэвлүүлж, 30 гаруй судалгааны төслүүдэд ажилласан байна.















Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 1578
    • Магистрант оюутан: 1325
    • Докторант оюутан: 276
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 91
    • Цагийн багш:
    • Бусад багш ажилтнууд: 24