Эдийн засаг бизнесийн сургуулийн номын сан
- 1994 онд Хөдөө Аж Ахуйн Яамны харъяа Бригадын дарга нарыг давтан бэлтгэх байнгын курсын номын сангийн суурин дээр нэгдэж
- 1997 онд ХААИС-ийн бүтцийн өөрчлөлтөөр Эдийн Засгийн Факультетийн номын сан болон зохион байгуулагдсан. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж байсан эдгээр он жилүүдэд шинээр мэргэжлийн анги нээх, хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх болсонтой холбогдуулан факультетаас тус номын сангийн үйлчилгээ, хангамжийг сайжруулах, англи хэл дээр бичигдсэн ном сурах бичгээр хангах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байв. Тус номын сан анх ХААИС-ийн Эдийн засгийн факультетийн 2 давхарын баруун жигүүрт ойрын фонд бүхий 1 уншлагын танхим, 1 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байв.
- 1999 оноос номын сангийн орон тоо нэмэгдэж 2 ээлжийн номын санчтайгаар ажиллах болсон.
- 2001 оны 6 сараас тус факультетийг ХААИС-ийн бүтцийн өөрчлөлтийн дагуу бүрэлдэхүүний сургууль болгож ЭЗБС болгон зохион байгуулсантай холбогдуулан ЭЗФ-ийн номын сан нь ЭЗБС-ийн номын сан болж нэр нь өөрчлөгдсөн юм.
- 2006 онд тус номын сангий фонд 2 хэсэгт хуваагдаж Эдийн засаг, менежмент, маркетинг, нийгмийн шинжлэх ухаан, хэл шинжлэлийн ном, сонин, сэтгүүл 2 давхарын баруун жигүүрийн хуучин байрандаа үлдэж, Нягтлан бодох, Кибернетик, Статистик зэрэг мэргэжлийн ном сурах бичиг, орос хэл дээрх номууд тус сургуулийн 1 давхарын баруун жигүүрт 111 тоот өрөөнд нүүж байрлан үйлчилгээгээ явуулж эхэлсэн. Энэ үеэс ЭЗБС-ийн номын сан 2 ойрын фонд 2 уншлагын танхимаар уншигчдад үйлчлэх болсон.
ЭЗБС-ийн номын сан 2005 оноос фондын номоо номын сан номзүйн ангиллаас (ББК) олон улсын номын ангилал Дьюгийн аравтын ангилал (DDC)- руу шилжүүлэх, номын сангийн LIB4U програмд номын тодорхойлолтыг шивж оруулах ажлыг эхэлж эдүгээ бүх номоо зураасан коджуулж, магистрын ажлыг электрон хэлбэрт шилжүүлэх ажлыг хийж цахим үйлчилгээ үзүүлж байна.
Номын сан нь 24000 гаруй мэргэжлийн ном сурах бичигтэй 2 үндсэн фонд, 160 суудал бүхий 2 уншлагын танхим, 2 номын санчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Эрдмийн их уурхай болсон ХАА-н салбарын мэдээ мэдээллийн сан бүхий ШИНЖЛЭХ УХААН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ болох номын сангийн барилгын ажлыг ЭЗБС-ийн түүхэн жаран жилийн ойг угтан эхлүүлсэн. Энэхүү номын сан нь 5 давхар 2000м2 талбай бүхий 1.5 тэрбум төгрөгийн өртгөөр төгсөгч, хандивлагчдын дэмжлэгээр сүндэрлэх юм.
ЭЗБС-ийн номын сан нь дэлхийн нэр хүндтэй их сургуулиудын онлайн сэтгүүл, э-номын санг ашиглах боломж бүрдүүлсэн сүүлийн үеийн техник технологи ашиглаж, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран оюутнууд бие даан өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг чадвараа дээшлүүлэх бүхий л нөхцөлийг бүрдүүлсэн олон улсын номын сангийн стандарт шаардлагад нийцсэн Дижитал цахим номын сан байх болно.