ЭЗБС-ийн ээлжит Speaker Series зохион байгуулагдлаа

Нийтлэгч : .
Огноо: 2026-04-07 17:12:01

ЭЗБС-ийн Speaker Series арга хэмжээний хүрээнд Indiana University-ийн Гадаад харилцааны албаны орлогч дарга хатагтай Erin L. Gahimer 2026 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр ЭЗБС-д хүрэлцэн ирж, Америкийн Нэгдсэн Улсад суралцах боломж, тэр дундаа Индианагийн Их Сургуульд хэрхэн суралцах талаар танилцуулга хийлээ.

Танилцуулгын үеэр тэрээр бакалавр болон магистрын түвшний сургалтын онцлог, элсэлтийн шаардлага, тэтгэлэгт хөтөлбөрүүд, мөн дадлага (internship)-ийн боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцсон оюутнуудын сонирхсон асуултуудад хариулсан юм. Оюутнуудын зүгээс магистрын сургалтад хамрагдах боломж, санхүүгийн дэмжлэг, олон улсын туршлага хуримтлуулах нөхцөлүүдэд түлхүү анхаарч байлаа.

Арга хэмжээний хүрээнд ЭЗБС-ийн захирал болон Олон улсын хөтөлбөрийн мэргэжилтэн нар хатагтай Erin L. Gahimer-тай албан уулзалт хийж, хоёр сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов. Тухайлбал, багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа шинжилгээний ажил зохион байгуулах, Америкийн Монгол судлалын төвтэй хамтран ажиллах зэрэг чиглэлээр харилцан ойлголцолд хүрч, цаашид бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхээр тохиролцов.

Энэхүү арга хэмжээ нь ЭЗБС-ийн оюутнуудад олон улсын боловсролын боломжуудын талаар бодит ойлголт өгөх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.