CESIM Global Challenge тэмцээн Монгол улсын их сургуулиудын багш нарын дунд анх удаа зохион байгуулагдлаа.

Нийтлэгч : .
Огноо: 2021-06-06 15:06:15

CESIM компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч, доктор Э.Ганбатаас CESIM Global Challenge тэмцээний тухай тодрууллаа.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. CESIM Global Challenge тэмцээнд Монгол улсын их сургуулиудын багш нарын дунд анх удаа зохион байгуулагдсан байна. Та энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү? 

Финляндын CESIM компанийн албан ёсны төлөөлөгч EGAN Brand Consulting компани, Бизнес, эдийн засаг, сургалтын байгууллагуудын консорциумтай хамтран анх удаа Монгол улсын эдийн засаг, бизнесийн чиглэлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг их сургуулиудын багш нарын дунд 50 гаруй орны 500 гаруй сургалтын байгууллагууд ашиглаж буй “CESIM Global Challenge” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд маань 6 их сургуулийн 9 багийн 43 багш хамрагдсан тэмцээн практикийн 2 үе, тэмцээний 8 үе буюу 8 жилийн хугацааны судалгаанд суурилсан шийдвэр гаргалтаар 7 хоногийн турш амжилттай болж өндөрлөсөн.

-Та энэ симуяцийг хөгжүүлж байгаа CESIM компанийн талаар мэдээлэл өгөхгүй юу? 

Финляндын CESIM компани нь 1996 оноос хойш “Practice makes profit” уриатайгаар их, дээд сургууль, бизнесийн байгууллагуудын менежерүүдэд зориулсан онолын мэдлэгийг практиктай холбох, хичээл хоорондын уялдаа холбоог бодит шийдвэр гаргалтад хэрхэн ашиглах тал дээр сүүлийн 26 жилийн туршид хөгжүүлэлт хийж байгаа компани юм. Бид энэ удаа10 төрлийн симуляциас зөвхөн нэг хувилбарыг нь сонгож тэмцээнээ зохион байгуулсан. Цаашид хамтран ажиллагч байгууллагуудтайгаа CESIM компанийн симуляциудаар цуврал тэмцээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хэдийгээр дэлхийн олон их сургуулиуд, бизнесийн байгууллагуудад түгээмэл ашиглаж байгаа ч сургалтын шинэ арга хэлбэр Монгол улсын боловсролын салбарт нэвтэрч байна. CESIM компанийн санал болгож буй симуляциуд нь: 

  1. Стратеги ба олон улсын бизнес
  2. Үйлчилгээний бизнесийн менежмент
  3. Төслийн менежмент
  4. Бизнесийн менежмент
  5. Маркетингийн менежмент
  6. Зочид буудал, рестораны менежмент
  7. Банк болон санхүүгийн үйлчилгээний менежмент
  8. Цахилгаан эрчим хүчний менежмент
  9. Телеком операторын менежмент
  10. Жижиглэн худалдааны менежмент гэсэн хэлбэртэйгээр тасралтгүй хөгжүүлэлт хийгдсээр байна. 

-Тэмцээний агуулга ямар хүрээг хамарсан бэ? 

Тэмцээнд оролцсон багууд АНУ, Европ, Азийн зах зээлд гар утасны технологи хөгжүүлэн Глобал зах зээлийн эрэлтийн төлөвлөгөөндөө үндэслэн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, R&D, хүний нөөц, маркетинг, ложистик, татвар, санхүү болон төсвийн хүрээний цогц шийдвэрүүдийг гаргаж, системийн тохируулгаар 8 жилийн хураангуйлсан үр дүнгээр өрсөлдсөн. Багуудын гаргаж байгаа шийдвэр нь өөр хоорондоо оновчлолын программчлалын тусламжтайгаар гарч байгаа нь компьютертой бус өөр хоорондоо өрсөлдөх боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлог бөгөөд үе тус бүрийн төгсгөлд үр дүнг автоматаар тооцоолон гаргадаг гэх мэт олон давуу талуудтай юм. 

-Симуляцийг сургалтад ашиглаж байгаа туршлагын талаарх мэдээллийг бидэнтэй хуваалцахгүй юу? 

Их сургуулиудын хувьд 10 төрлийн симуляцийг сургалтдаа нэвтрүүлсэн олон жишээ байна л даа. Эдгээр симуляциудыг их сургуулиуд сургалтандаа, дадлага ажилдаа өргөнөөр ашиглахаас гадна CAPSTONE курсээр сургуулиа үзсэн хичээлүүдийнх нь агуулга бодит байдалтай хэрхэн холбогдож байгааг цогц байдлаар ойлгуулахад ашиглаж байна. Түүнчлэн олон улсын түвшинд зохион байгуулагдаж буй уралдаан тэмцээний үндсэн модуль болж бүс нутаг бүрээс шалгарсан багууд дэлхийн хэмжээнд зохион байгуулагддаг CESIM ELITE тэмцээнд оролцож өөрийн сургуулийнхаа нэр хүндийг өсгөх боломжийн төлөө өрсөлдөж байна. 

-CESIM Business Simulation-ийг цаашид их, дээд сургуулийн оюутнууд ямар хэл дээр судлах боломжтой вэ?  

Өнөөдрийн байдлаар CESIM компанийн хөгжүүлсэн 10 симуляци 26 улсын хэл дээр орчуулагдсан бөгөөд EGAN Brand Consulting компанийн хамт олон Монгол хэл рүү хөрвүүлэх ажлаа эхлүүлж CESIM Global Challenge симуляци эхний удаад Монгол хэлээр судлах боломжтой болсон. Оролцогчдын хувьд 27 улсын хэлийн алийг нь ч сонгож судлах боломж нээлттэй байх юм.