Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс их сургуулиудтай хамтран эхний хагас жилд зохион байгуулсан Мэргэжил сурталчлах өдөрлөг 05-р сарын 10-нд ХААИС-ийн ЭЗБС дээр боллоо.

Нийтлэгч : .
Огноо: 2023-05-12 17:14:04

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс Нягтлан бодох бүртгэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулиудтай хамтран эхний хагас жилд зохион байгуулсан Мэргэжил сурталчлах өдөрлөг 05-р сарын 10-нд ХААИС-ийн ЭЗБС дээр боллоо. 
ХААИС-д болсон ээлжит өдөрлөгийн арга хэмжээнд ЭЗБС-ийн захирал Т.Эрдэнэчулуун оролцож, “ММНБИ-ээс эрдэмтэн багш нартай хамтран зохион байгуулж байгаа Мэргэжил сурталчилах өдөрлөг нь мэргэжлийн ангийн оюутнуудад илүү гүнзгий мэдлэг олгоход чиглэсэн чухал дэмжлэг болж байна. Нягтлан бодох бүртгэл, шинжилгээ, санхүү, татвар, бизнесийн мэргэжилтнүүд, ажил олгогчид манай сургуулийн суралцагчдад нэг дороос мэдээлэл авах боломжийг бүрдүүлж өгч байгаад баяртай байна” гэж онцоллоо. 
Өдөрлөгийн арга хэмжээнд тус сургуулийн төгсөгчид болох ММНБИ-ийн Удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хорооны дарга Л.Энх-Амгалан, Магнай трейд группын Гүйцэтгэх захирал, МНБ Д.Алтан-Очир нар уригдан, мэргэжлийн карьер гэж юу болох, үнэ цэнээ хэрхэн нэмэгдүүлэх, ёс зүй, хууль дүрмийг хэрэгжүүлэх болон өөрийгөө хэрхэн тасралтгүй хөгжүүлэх тухай, мөн ММНБИ-ийн үйл ажиллагаа, мэргэжлийн чиг хандлагын талаар танилцууллаа. Энэ үеэр зохион байгуулагдсан ажлын байрны нээлттэй өдөрлөгт 70 орчим аж ахуйн нэгж байгууллага бүтээгдэхүүн үйлчилгээ, ажлын байрны танилцуулга хийв. 4, 5 дугаар сард ММНБИ-ээс МУИС, СЭЗИС, ХААИС, Мандах ИС, ХУИС-иудын Нягтлан бодох бүртгэлийн тэнхимтэй хамтран зохион байгуулсан Мэргэжил сурталчлах өдөрлөгт нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр суралцаж байгаа 1500 оюутан, 80 орчим ажил олгогч байгууллага оролцлоо.