Шинжлэх ухааны доктор, профессор Г.Бизьяа, ЭЗБС-ийн захирал С.Бадарч нар 1997 онд шинэхэн хөгжиж буй Маркетингийн шинжлэх ухааны чиглэлээр шаталсан сургалт явуулахаар сургалтын үйл ажиллагааны зөвшөөрлөө авч, ХААИС-ийн захирлын 2000.09.12-ны өдрийн 144 тоот тушаалаар “Маркетингийн тэнхим” үүсгэн байгуулагдсан түүхтэй. “Зах зээл судлаач” мэргэжлээр анхны элсэлтээ 1997 онд авч байсан бол өнөөдөр бакалаврын 800, магистрын 80, докторын 10 гаруй мэргэжилтнийг бэлтгэн гаргасан байна.
Маркетингийн хөтөлбөр нь 2009 онд дотоодын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, 2014 онд АНУ-д төвтэй Бизнесийн сургуулиуд, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн “ACBSP” байгууллагаар олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдэн, тэнхим 20 дахь жилийнхээ босгон дээр ”Маркетинг”, “Аялал жуулчлалын маркетинг”, “Цахим худалдаа, маркетинг” мэргэжлээр бакалаврын, “Маркетинг” мэргэжлээр магистр, докторын ахисан түвшний сургалтын үйл ажиллагааг явуулж байна.
Маркетингийн тэнхимийг үүсгэн байгуулагч, Шинжлэх ухааны доктор, профессор Г.Бизьяа агсаны үр хүүхдүүд тэнхим үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Номын цагаан өргөөг тохижуулж хүлээлгэн өглөө. Амьдралынхаа сүүлийн цаг мөчөө хүртэл Маркетингийн шинжлэх ухааны хөгжил дэвшилд зориулан хөдөлмөрлөсөн доктор (Sc.D), профессор Г.Бизъяа багшийн минь нэрэмжит танхим үүдээ нээж залуусын суралцах орчинг таатай болгоход үнэтэй хувь нэмэр орууллаа. Эрдэмтэн буурал багшийн минь хүслийн үргэлжлэл, сэтгэлийн залгамж болсон үр хүүхдүүдэд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг Маркетингийн тэнхим, ЭЗБС-ийн хамт олны өмнөөс хүсэн талархаж байна.

